Monday, June 18, 2012

Тулгар төрийн түүхийг дэлгэсэн “Хүннүгийн өв соёл”

Монголын тулгар төр байгуулагдсаны 2220 жилийг ойд зориулж Ойг тэмдэглэх үндэсний хороо, Монголын үндэсний музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн хамтран “Хүннүгийн өв соёл” үзэсгэлэнг өнгөрсөн баасан гаригт олны хүртээл болгожээ. Хүннү гүрний түүхэнд холбогдох анхны дурсгалыг 1924 онд олж байсан ба үүнээс хойш 2010 он хүртэл илрүүлсэн 300 гаруй дурсгал, эд өлгийн зүйлийг нэгтгэсэн уг үзэсгэлэнгийн ихэнх үзмэр нь судлагдаагүй гэдгээрээ онцлогтой.Тухайлбал, энэ оны долдугаар сарын 28-нд ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи угсаатны зүйн хүрээлэнгийнхэн 2009 онд Ноён уулын малтлагаар илэрсэн 50 гаруй олдворыг сэргээн засварласнаа Монголын талд хүлээлгэн өгснийг үзэсгэлэнд дэлгэсэн байна. Төв аймгийн Ноён уул, Ховд аймгийн Булган, Мөнххайрхан, Манхан сумын нутгаас илрүүлсэн эсгий ширдэг, торгон нэхмэл, алт, мөнгөн чимэглэл, хоолны хэрэгсэл, үр тарианы сав зэрэг ховор нандин үзмэрүүдийг энэ оныг дуустал үзэгчдийн хүртээл болгох юм билээ.
Хүннү гүрний өв соёлыг илэрхийлсэн үзмэрүүдийн дунд торгон хуйнд боосон хүний гэзэг байсан нь олны сонирхлыг татаж, үзэгчид “Хүний үс ийм олон мянган жилийн настай байх нь” хэмээн ярилцаж байлаа. Түүнчлэн ур хийц шингэсэн алт, мөнгөн ээмэг, зүүлт, Грекийн бурхдын дүрст чимэглэл, бүсний арал, дуут сумны ясан булцуу, хүрэл тогоо ваар, сав тэргүүтэн нь тухайн үеийн хүннүчүүд өндөр соёлтой төдийгүй гадаад харилцаа сайтай байсныг илтгэнэ.
Нийтийн тооллын өмнөх 209 онд Модун Шанью Төв Азийн нүүдэлчин аймгуудыг нэгтгэн нүүдэлчдийн анхны төрт улс Хүннү гүрнийг байгуулсан түүхтэй. Тухайн үед Хүннү гүрэн Манжуурын талаас Тэнгэр уул, Цагаан хэрмээс Байгаль нуур хүрсэн өргөн уудам нутагт оршин байсан ба их, бага 36 улсыг нэгтгэн захирч байв.

Зөвлөлтийн их гүрний задрал ба түүний шалтгаанууд

ЗХУ задарснаас хойш 20 жил өнгөрчээ. Одоогоос 20 жилийн өмнө 280 гаруй сая хүн амтай, 4.2 сая цэрэгтэй хүчирхэг арми,10 мянган цэнэгт хошуу бүхий цөмийн зэвсгийн арвин нөөцтэй ЗСБНХУ задран унасан билээ.Тэр үед тус улсын цэргийн хүчин чадал нь АНУ болон НАТО-гийн орнуудын зэвсэгт хүчний чадавхийг нийлүүлсэнтэй эн зэрэгцэхүйц хэмжээнд хүрсэн байжээ. Мөн ЗХУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ АНУ-ын ДНБ-ний 80 хувьтай тэнцэж байсан юм. Тус улс хоногт 13 сая торх нефть олборлон, уг үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байлаа.
ЗХУ задарсан нь социалист тогтолцооны хямрал байсан гэдэгтэй олонхи түүхчид санал нэгтэй байдаг. Тогтолцооны хямрал гэдэг нь товчхондоо улс төр, эдийн засаг, нийгмийн хямралыг хэлж байгаа юм. 1991 оны 8 дугаар сард болсон үйл явдал нь үнэн хэрэг дээрээ ЗХУ задрах үйл явцын эхлэл байсан билээ. Эл сарын 18-19-нд шилжих шөнө Горбачёвыг засгийн эрхнээс хүчээр огцруулсан билээ. Тэр өдөр дэд Ерөнхийлөгч Г. Янаев, Батлан хамгаалахын сайд Д. Язов, Улсыг аюулаас хамгаалах хорооны дарга В. Крючков болон Ерөнхий сайд В. Павлов нар Үндсэн хуулийг зөрчин Улсын Онц байдлын хороог /УОБХ/ байгуулжээ. Хорооны шийдвэрээр хэд хэдэн бүс нутагт, түүний дотор өнөөгийн Орос улсын нутаг дэвсгэрт онц байдал тогтоон, жагсаал цуглаан, ажил хаялт хийхийг хориглосон юм. Нам, олон байгууллага, сонин хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн үйл ажиллагааг ч бас хориглолоо. Гэвч орос иргэдийн эрс эсэргүүцэлтэй тулгарсан УОБХ гуравхан хоног төрийн эрхийг барьсан юм.
Уг үйл явдал Зөвлөлт орныг үндсээр нь өөрчилсөн гэж хэлж болно. Хуучин тогтолцооны хүрээнд « өөрчлөн шинэчлэлт» буюу « дээрээс хувьсгал» хийх гэсэн оролдлого нь цаг хугацааны шалгуурыг давалгүй бүтэлгүйтсэнээр социалист нийгэм байгуулах гэсэн мөрөөдөл түүх болон үлдсэн юм. Наймдугаар сарын үйл явдлын дараа Холбооны шинэ Гэрээ байгуулах гэсэн М.С. Горбачёвын оролдлогууд ч бүтэлгүйтсэн. Украин болон Беларусь улсуудын иргэд тусгаар тогтнолын төлөө саналаа өгсөн нь Холбооны гэрээнээс татгалзсан гэсэн үг байлаа. Ийм нөхцөлд Орос улс бусад улсуудтай нэгдэх тухай асуудал утга учиргүй болох нь мэдээж.
Ингээд 1991 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Минск хотын орчмын Беловежийн ойд Орос, Украин, Беларусь улсын удирдагчид болох Б. Ельцин, Л. Кравчук, С.Шушкевич нар Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийг байгуулах тухай Гэрээнд гарын үсэг зуржээ. Хожим нь уг нөхөрлөлд Казахстан болон бусад хэд хэдэн улс нэгдсэн билээ. Харин Балт орчмын гурван улс, мөн Гүрж улс нэгдэхээс татгалзсан байна. Ийнхүү ЗХУ нэгдмэл улсын хувьд оршин тогтнохоо больсноор, Ерөнхийлөгч М. С. Горбачёв бүрэн эрхээсээ татгалзахаас аргагүйд хүрчээ.
Ер нь бол судлаачид ЗХУ задарсан үндсэн шалтгаануудын нэг нь ЗСБНХУ-ын Үндсэн хуулийн заалт байсан гэж үздэг. Уг баримт бичигт зааснаар, тус улсын бүрэлдэхүүнд багтаж байсан бүгд найрамдах улсууд нь Холбоот улсын бүрэлдхүүнээс гарах эрхтэй байжээ. Хачирхалтай нь, дэлхийн бусад улсуудын Үндсэн хуульд ийм заалт огт байдаггүй юм.
Нөгөөтэйгүүр, газрын тосны үнэ унасан нь ЗХУ задрах гол шалтгаануудын нэг байсан гэж барууны болон Оросын зарим шинжээчид үздэг. АНУ-ын Брукингийн хүрээлэн Оросын нэрт эдийн засагч Егор Гайдарын бичсэн « Эзэнт гүрний мөхөл орчин үеийн Орос улсад сургамж болох нь» гэдэг номыг англи хэлнээ орчуулан гаргасан байна. Е. Гайдар 1991-1994 онд Оросын Ерөнхий сайдын албыг хашиж байсан билээ. «Оросуудын ихэнх нь эрчимтэй хөгжиж байсан дэлхийн хэт их гүрэн задран бутарсны шалтгааныг өөрчлөлт, шинэчлэлт эхэлсэнтэй холбон үздэг байсныг» Гайдар няцаахыг оролджээ.
Түүний үзэж байгаагаар, 1966-1990 оны хугацаанд ЗХУ-д үр тарианы үйлдвэрлэл нэг л түвшинд байсны зэрэгцээ энэ хугацаанд 80 орчим сая хүн хөдөөнөөс хот руу шилжиж ирсэн ажээ.Байгалийн хий, газрын тосны олборлолтоос олсон орлого гадаадаас үр тариа худалдан авахад хүрэлцэхгүй байсан. Тэр үед тус улс гадаадаас жилдээ 30 сая тонн үр тариа худалдан авч байжээ. Иймээс гадаад орнуудаас зээл авах зайлшгүй хэрэгтэй байжээ. «Хэрвээ Зөвлөлтийн арми Польшийн «Эв санааны нэгдэл» ҮЭ-ийн жагсаалыг хүчээр дарсан бол ЗХУ Барууны орнуудаас 100 тэрбум долларын зээл авч чадахгүйд хүрэх байсан Гайдар үзэж байна. 1991 оны нэгдүгээр сард Зөвлөлтийн удирдлага Балти орчмын улсуудад хяналтаа сэргээхийн тулд хүч хэрэглэхээр оролдсон ч Барууныхан дээрх зээлийн тухай дурсах төдийд буулт хийж байжээ.
Гэхдээ шинжээчид бүгд Гайдарын үзэл бодолтой санал нийлэхгүй байна.
Америкийн бизнесийн хүрээлэнгийн ажилтан, Гайдарын найз болох Леон Арон задралын гол шалтгааныг Зөвлөлтийн цэрэг-аж үйлдвэрийн цогцолборыг Горбачёв устгасантай холбон үзэж байна. Учир нь Зөвлөлтийн хөнгөн цагааны үйлдвэрүүд цэргийн нисэх онгоц үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эдийг нийлүүлж байсан бол гангийн үйлдвэрүүд 60 мянган танк хийхэд шаардлагатай төмөр хайлуулж байсан ажээ. Тус улсад үйлдвэрлэж байсан бүтээгдэхүүний 30 хувь нь армийн хэрэгцээнд зориулагдаж байлаа. Харьцуулан үзвээс, өнөөгийн Орос улсын төсвийн 5 хувийг цэргийн зардал эзэлж байна.
Задралын өөр нэгэн эдийн засгийн шалтгаан нь дээрх хугацаанд албан ёсны эдийн засаг "сүүдрийн эдийн засагтай" холилдсон явдал байлаа. Бүхэл бүтэн үйлдвэрийн газрууд үйлдвэрлэл, худалдааны нууц сүлжээнд хамрагдан, "сүүдрийн" эдийн засгийн орлого олон тэрбум рублиэр хэмжигдэж байлаа. Тухайлбал, 80-аад оны дунд үе гэхэд «сүүдрийн эдийн засагт» 15 сая хүн ажиллаж, нийт бараа эргэлтийн 25 хувийг хангаж байжээ.
Зөвлөлтийн удирдлага 80-аад оны эхээр тогтолцооны шинэчлэлийг хязгаарлагдмал хүрээнд хийхийг оролдсон ч тэр нь бүтэлгүйтэн, улс орон гүн гүнзгий хямралын ангал руу гулсан орчээ. Зөвлөлтийн маягийн нийгмийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж эхэллээ. Удирдагчид болоод үйлдвэрүүдийн эрх өөрчлөгдөж, нийгмийн тэгш бус байдал газар авлаа. Үйлдвэрүүд доторх үйлдвэрлэлийн харилцаа өөрчлөгдөж, хөдөлмөрийн сахилга бат алдагдан, ноомой гөлөр, хайхрамжгүй байдал, хулгай зэлгий, шударга хөдөлмөрийг эс хүндэтгэх, илүү мөнгө олж байгаа нэгэндээ атаархах явдал газар авчээ. Зөвлөлтийн иргэд чин санаанаасаа бус харин албадлагаар ажилладаг «гүйцэтгэгчид» болон хувирлаа. Зөвлөлт маягийн нэгдмэл тогтолцоо байгуулах зорилго агуулсан интернационалч үзэл санаа амьдрал дээр биеллээ олоогүйн дээр бүгд найрамдах улсуудад нийгмийн дээд давхарга бүрэлдэн бий болох үйл явц ажиглагдах болов. Ингэснээр Төвөөс хэрэгжүүлэх хяналт суларч, тэдгээр улсуудын удирдагчдыг үзэмжээрээ томилох, солих боломжгүй болжээ.
Үзэл суртлын аргаар хөдөлмөрт уриалан дуудаж, коммунизм удахгүй ялна гэдэгт итгүүлэх оролдлого балран унахтай зэрэгцэн нефтиэс орох орлого ч хумигдаж, дотоод болон гадаад өрийн хэмжээ нэмэгдэв.1973 оноос нефтийн үнэ 2 доллароос 40 болтлоо суга өссөнөөр ЗХУ 250 тэрбум долларын орлого олсон ч түүнийгээ Ангол, Этиоп, Мозамбик, Сомали, Афганистан болон бусад оронд «хувьсгалыг экспортлох» үйлсэд үр ашиггүй зарцуулжээ. Гэвч 80-аад оны дундуур нефтийн үнэ навс унаж, нэг баррель нь14-хөн доллар боллоо. Энэ үед Зөвлөлтийн удирдлага нийгэм-эдийн засгийн шинэчлэл хийхийн оронд архитай тэмцэж, хөдөлмөрийн сахилга батыг сайжруулах оролдлого хийж байлаа. Дашрамд дурдахад, цагаан архины үйлдвэрлэлээс улсын санд 50 тэрбум рубль ордог гэдэг. Ингэснээр стратегийн зорилт тактикийнх болон өөрчлөгдлөө. Улс төрийн дээд зиндааныхан хувийн болон хэсэг бүлгийн ашиг сонирхлоос улс гүрний эрх ашгийг дээдэлсэн жинхэнэ улс төрийн зүтгэлтэн болж төлөвшиж чадаагүй байлаа. Цөмийн зэвсэг бүхий хэт их гүрэн болсных нь дараа тогтолцооны хямрал нүүрлэсэн учраас тус улс стратегийн зорилгоосоо аажмаар ухарч эхэлсэн юм. Өөрчлөн байгуулалт эхэлсэн ч нэгэнт стратегийн тодорхой зорилгогүй болсон учраас ЗХУ задран унах нь гарцаагүй болжээ.
ЗХУ-ын задрахад социалист системийн задрал ч бас «нэрмээс» болсон юм. 1989 онд Төв болон Дорнод Европын орнуудаас Зөвлөлтийн цэргийг гаргаж эхэлсэн. Ийнхүү цэргийн оролцоо суларсан явдал нь социализмын эсрэг үзэл суртал холбоотон орнуудад газар авахад хүргэсэн билээ. Эргэн санахад, 1989 оны сүүлч, 1990 оны эхээр Польш, БНАГУ, Чехословак, Унгар, Болгар, Албани улсуудад "аядуу" хувьсгал гарч, 1989 оны 12 дугаар сард зэвсэгт бослогын дүнд Румынд Чаушескугийн дэглэм нуран унасан юм. 1990 онд санал асуулгын дүнд Зүүн Герман Баруунтайгаа нэгдлээ. Эдгээр орнуудын засгийн эрхэнд гарсан үндэсний ардчилсан үзэлтнүүд нийгмийн хөгжлийн загварыг таягдан хаяж, эрс шинэчлэл хийхийн төлөө байв. Энэ бүх шалтгааны улмаас1991 оны хавар Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл болон Варшавын Гэрээний байгууллага татан буугдсан юм.
Ингэснээр «хүйтэн дайны" үед "муу муухайгийн үүр уурхай" болсон их гүрнийг буюу ЗХУ-ыг үгүй хийх зорилготой байсан Барууныхан, ялангуяа америкчууд ийм хурдан «ялалтад хүрнэ» чинээ төсөөлөөгүй байсан учраас Пентагонд дахин нэгэн "толгойны өвчин" нэмэгдлээ. Учир нь хэдийд ч иргэний дайн дэгдэж болзошгүй тогтворгүй улсад асар их хэмжээний цөмийн зэвсэг хуримтлагдсан байлаа. Харин аз болоход бүх цөмийн цэнэгт хошууг хожим нь ОХУ руу шилжүүлэн зөөвөрлөсөн билээ.
Нефтийн үнийн уналтаас гадна 1986 оны Чернобылийн АЦС-ын осол, 1988 онд Арменд болсон газар хөдлөлт, түүнчлэн Барууны орнуудад эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийгдсэн зэрэг нь ч бас задралын явцад нөлөөлсөн гэж түүхчид үздэг юм.

Гитлерийг эмэгтэй болгохоор төлөвлөж байжээ

Дайны үед Нацист Германы удирдагч Адольф Гитлерийг хороох тухай олон төлөвлөгөө байсан ч бүгд бүтэлгүйтэж байсан. 
Саяхан харин нэгэн сонирхолтой яриа олны анхаарлыг ихээхэн татжээ. Дайны үед Британийн нууц албаныхан Гитлерийн хажууд дөхөн түүнд эмэгтэй хүний гормон агуулсан хоол хүнс өгч, зан байдлыг нь эмэгтэй болгохоор төлөвлөж байжээ. Нууц ажилтнууд эстроген буюу эмэгтэй гормонтой хоол хүнсийг Гитлерт өгөхөөр ажиллаж байв.
Британийн нууц албаныхан Гитлерт хоол хүнс хүргэх хэмжээний хангалттай итгэл найдвар олсон байсан гэж энэ төлөвлөгөөний талаар анх олж мэдсэн профессор Бриан Форд ярьжээ. Эстрогенийг сонгосон шалтгаан нь уг эс нь амтгүй мөн үйлчлэл нь үл мэдэг байдаг учир Гитлерийн хоол шалгагчид үүнийг мэдэх боломжгүй байсан гэж мэргэжилтнүүд тайлбарласан байна.
“Холбоотнуудын төлөвлөгөө нь Гитлерийн хоолонд нууцаар эстроген хольж, түүний хүйсийг сольж, зан байдал нь эмэгтэйлэг, ууртай догшин биш болгох зорилготой байсан” гэж Кардифийн их сургуулийн түүхийн ухааны профессор Форд ярьжээ.
Адольф Гитлерийн дүү охин Паула Гитлер нь түүний ах дүүгээс амьд үлдсэн цорын ганц хамаатан бөгөөд Паула 1920 оны үед Вена хотод Гитлерийн нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Түүнчлэн 1945 онд ах нь амиа хорлох хүртэл түүнээс санхүүгийн дэмжлэг авдаг байсан аж. Дайны дараа Паулаг америк цэргүүд баривчлан мөрдөн байцаалт авч байсан ч удалгүй суллан 1960 онд өөд болох хүртлээ олны хөлөөс хол зайтай амьдарч байжээ.
Эстрогений төлөвлөгөөний талаар профессор Форд “Нууц зэвсэг: Технологи, Шинжлэх ухаан, II дайнд ялах уралдаан” нэртэй ном бичсэн байна.

Sunday, June 17, 2012

Буцах чиглэлгүй нислэг буюу камикадзе нар

Тэд төмөр шувуу хүлэглэн, агаарт гарахдаа Үхлийн өөдөөс нисэж буйгаа мэдэж байсан. Камикадзе (амиа золиослогч) нарын хувьд энэ бол буцах чиглэлгүй нислэг байсан юм
Дэлхийн хоёр дугаар дайны үеийн Японы амиа золиослогч нисгэгчид Америк цэргүүдийн аймшигт шөнийн хар дарсан зүүд нь байжээ. Тэднийг Камикадзе, “аймшигт зэвсэг” гэх зэргээр нэрлэдэг байв. Ингээд юу болсон талаар бодит түүхтэй танилцъя.
Түүх. 1944 оны намар японы талынхан дайнд ялагдана гэдгээ бүрэн ойлгожээ. Тэд байдлыг өөрсөддөө ашигтай талруу эргүүлэхийн тулд огт өөр ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй болж байв. Тэр тусмаа Америкийн хүчирхэг агаарын цэргүүд 95 ширхэг сөнөөгч онгоц тээвэрлэгч хөлөг илгээхэд Япончууд дөнгөж 16-г гаргаж чадсан байна. Хүч мохосдсон уг асуудлыг Японы адмирал Такидзиро Ониски камикадзе нараар шийдвэрлэхээр болжээ.
Зарим нэг хүмүүс адмирал Такидзиро Ониски-г шүтэн биширдэг байсан бол зарим нь хэт хатуужилтай зангаас нь болж, үзэн яддаг байжээ. Ониски бол Пёрл-Харборлуу хийсэн довтолгооны төлөвлөгөөг гаргагчдын нэг юм. Адмиралын хатуу чанга байдлын ачаар японы цэргүүд Манилын ойролцоох Америкийн Кларк-Филд байлдааны баазруу нислэг хийж, Америкийн нисэх хүчнийг байлдаанд оролцох боломжийг нь удаан хугацаанд хааж байжээ. 1944 оны намар Такидзиро нь амиа золиослогч нисгэгчдийг ашиглан, дайсныхаа хүчийг, тэр тусмаа агаарын бөмбөгдөгчдийн хүчийг сулруулах санааг сэджээ.
Ониски-гийн захидал дээр: “Миний бодлоор агаарын хүчийг бүрэн дүүрэн, дээд зэргээр ашиглах цорын ганц боломж байна. Үүний тулд сөнөөгч онгоцнуудыг жолоодох амиа золиослогч нисгэгчдийг бэлдэх хэрэгтэй. Онгоц тус бүр дээр 250 киллограмм бөмбөг байх ёстой бөгөөд Америкийн агаарын хүчний хөлөг онгоцнуудруу довтлох учиртай.”- гэжээ.

Энэхүү хэрцгий төлөвлөгөө нь олон хүмүүсийг цочролд оруулсан боловч нөхцөл байдлын улмаас түүний санаачлагыг удахгүй дэмжиж, амиа золиослогч нисгэгчид Камикадзе гэдэг нэрээр (орчуулбал: “бурхны салхи”) бэлтгэгдэж эхлэв.


Тэд довтолж байна!

 
Япончууд ийм ер бусын байлдааны тактикийг их өөрөөр хүлээн авч байв. Лусон арлын байлдааны бааз дээр камикадзегийн дөрвөн бригад бий болжээ. Сайн дурын нисгэгчид дайсныхаа өөдөөс нисч, эх орныхоо төлөө амиа өгөхийн тулд тэсч ядаж байсан бөгөөд зөвхөн нисэх тушаал л хүлээж байв. Каикадзе нар өөрсдийн ёс заншил, дүрэм журамтай болжээ. Амиа золиослогч бүрийн толгой дээр нарыг дүрсэлсэн улаан дугуйтай цагаан даавуу боодог байв. Тэр үед ийм толгойны боолтыг Японы самурай дайчид зүүдэг байжээ. 1944 онд хашимаки хэмээх энэхүү толгойны боолт нь камикадзе нарын албан ёсны таних тэмдэг болсон байна. Нисгэгчид самурайн дүрмийг баримталж, дайснууддаа өршөөл үл үзүүлэн, өөрсдийн амь насыг ч гэсэн хэрцгийгээр золиосолдог байв.
10-р сарын 25-ны өдөр Камикадзе нар анхны тушаалаа авчээ. Иукио Секи –гээр толгойлуулсан есөн онгоц Мабалакатын онгоцны буудлаас нисч, Америкийн хөлөг онгоцнуудыг чиглэн нислээ. Есөн онгоцны дөрөв нь хамгаалагчдын үүрэг гүйцэтгэж (бусад онгоцнуудаа том бөмбөгдөгчдөөс хамгаалах), дайралтын үр дүнгээ тэмдэглэн авч байв. Камикадзе нар Америкийн хөлөг онгоцнуудыг олж харсан даруйдаа онгоцтойгоо шууд доош унажээ. Нэг онгоц нь Америкийн “Сент-Ло” онгоцны нислэгийн талбай дээр унажээ. “Сент-Ло” усан онгоц маш том гэмтэл авч, таван минутын дотор асгарсан түлш, галтай нийлэн, дэлбэрэлт болсноор галд автсан байна. Хөлгийн багийнхан онгоцоо аврах ямар ч боломжгүй байсан учраас далайн гүнд живжээ. Бусад Камикадзе нар ч өөрсдийн байнуудаа олж, бусад гурван хөлөг онгоцонд хүнд хохирол учруулсан байна.


1945 оны 11-р сарын 1-ний өдөр Америкчууд Японы газар нутаг дээр десант буулгажээ (“Олимпик” ажиллагаа). Энэхүү десант нь фукуруй болон камикадзе нарын 5225 онгоцыг сөнөөх ёстой байв. Энэ ажиллагаа нь японы төлөвлөгөөнд өөрчлөлт оруулжээ.
1944-1945 онуудад 3900 орчим япон нисгэгчид амиа золиослон таалал төгсчээ. Дашрамд дурьдахад адмирал Такидзиро Ониси нь Японыг бөмбөгдүүлсний дараа, 1945 оны 8-р сарын 16-нд өөртөө харакири хийж, 12 цагийн дараа нас барсан байна.
















 

Одон орон судлаач Николай Коперник /1473-1543/


Польшийн алдарт одон орон судлаач Николай Коперник 1473 онд Висла мөрний эрэгдээрхТорунь хотод баян айлд мэндэлжээ. Идэр залуудаа Краков хотын их сургуульд сурч байхдаа одон орны судлал сонирхож байв.
Дараа нь Италийн Болонь, Падуан хотуудын их сургуульд хууль зүй, анагаах ухаан судалж Феррара хотын их сургуульд докторын зэрэг амжилттай хамгаалжээ. Амьдралынхаа ихэнх хэсгийг Фройнбург хотод сүмд ажиллан өнгерөөжээ. Мэргэжлийн хувьд одон оронч биш байсан ч чөлөөт цагаараа дур сонирхолдоо татагдан судалсаар хүн төрөлхтений түүхэнд нэр үлдээсэн аугаа нээлтээ хийсэн билээ.
Коперник Италид суралцаж байхдаа Дэлхий Нарыг тойрч эргэдэг гэсэн эртний грекийн гүн ухаантан (манай эриний өмнөх III зуун) Аристарх Самосскийн үзэлд санаатай танилцаж гүүний үнэн болоход итгэжээ.
Тэгээд дөчин настайдаа нар төвтэй гариг эрхсийн тухай таамаглалаа энгийн хэлбэрээр илэрхийлсэн гар бичмэлээ анд найзууддаа егч уншуулжээ. Олон жилийн турш ажиглалт яауулж тооцоо хийж өөрийн онолыг нарийвчлан тайлбарлаж бодитой нотолгоог дэвшүүлэн тавьсан “Тэнгэрийн эрхсийн эргэлтийн тухай” нэртэй цуут номоо туурвижээ.
Коперник жаран настайдаа 1533 онд Италийн Ром хотод лекц уншихдаа хамба ламын эгдүүцлийг хүргэхгүйгээр өөрийн дэвшүүлсэн онолын гол үндэслэлүүдийг тайлбарлаж байжээ. Гэвч далан насны өндөрлөгт хүрсэн үедээ дөнгөж сая номоо хэвлүүлэхээр зориглож нүд анихаасаа хэдхэн хоногийн өмнө 1543 оны тавдугаар сарын 24-ний өдөр хэвлэх үйлдвэрээс номынхоо анхны хувийг нь гар дээрээ авч беөн баяр хөөр болж байжээ.
Коперник “Тэнгэрийн эрхсийн эргэлтийн тухай" нэртэй цуут номондоо Дэлхий өөрийн тэнхлэгээ тойрон эргэдэг, Сар Дэлхийг тойрч эргэдэг, харин Дэлхий болон бусад гариг Нарыг тойрч эргэдэг гэж тас түс бичсэн байлаа. Гэвч Коперник түрүүчийн үеийн эрдэмтдийн адил нарны тогтолцооны далайцийг дутуу үнэлсэн, тийм ч учраас түүний дэвшүүлсэн онол математикийн хувьд авч үзвэл буруу байсан юм.
Гэвч энэ ном хэвлэгдэж гарангуутаа олон нийтийн анхаарлыг гойд их татсан байна. Ялангуяа энэ номын нелөегөер олон одон оронч түүний дотор данийн одон оронч Тихо Браге тэнгэрийн эрхсийн хөдөлгөөнд нарийвчилсан ажиглалт тооцоо хийж эхэлжээ. Гэхдээ Т.Брагийн хийсэн ажиглалтын тооцоог ашиглаж германы одон оронч Иоганн Кеплер од, гаригуудын хөдөлгөөний хуулиудыг үнэн зев тодорхойлсон билээ.
Аристарх Самосский Коперникээс 17 зууны өмнө нар төвтэй гариг эрхсийн тухай таамаглалыг дэвшүүлсэн боловч түүнийгээ тодорхой тайлбарлан бичиж хэвлүүлж байгаагүй юм. Чухамдаа Н.Коперник таамаглалаа математик үндэслэлээр баталгаажуулж хамгийн гол нь одон орны ажиглалтуудаар шалгаж Дэлхий Ертөнцийн төв болох тухай хуучны онолуудтай харьцуулах бололцоог олгосон шинжлэх ухааны онолын түвшинд хүргэж чадсан билээ.
Коперникийн онол нь Ертөнцийн тухай хүн төрелхтөний ойлголтод хувьсгал хийж ертенцийг үзэх гүн ухааны суурь үзлүүдэд зарчмын ач холбогдолтой өөрчлөлт оруулсан билээ. “Тэнгэрийн эрхсийн эргэл- тийн тухай” ном нь Галилей, Кеплер нарын алдарт эрдэмтдийн бүтээлүүдийн эхлэл болж тэдгээр нь Ньютоныг гарамгай нээлтүүдээ хийхэд хүргэсэн юм. Энэ утгаар авч үзвэл Коперникийн ном нь орчин үеийн шинжпэх ухааны үсрэнгүй хөгжлийн гарааны эхлэл болсон билээ.