Монголын тулгар төр байгуулагдсаны 2220 жилийг ойд зориулж Ойг
тэмдэглэх үндэсний хороо, Монголын үндэсний музей, ШУА-ийн Археологийн
хүрээлэн хамтран “Хүннүгийн өв соёл” үзэсгэлэнг өнгөрсөн баасан
гаригт олны хүртээл болгожээ. Хүннү гүрний түүхэнд холбогдох анхны
дурсгалыг 1924 онд олж байсан ба үүнээс хойш 2010 он хүртэл илрүүлсэн
300 гаруй дурсгал, эд өлгийн зүйлийг нэгтгэсэн уг үзэсгэлэнгийн ихэнх
үзмэр нь судлагдаагүй гэдгээрээ онцлогтой.Тухайлбал, энэ оны долдугаар
сарын 28-нд ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи угсаатны зүйн
хүрээлэнгийнхэн 2009 онд Ноён уулын малтлагаар илэрсэн 50 гаруй
олдворыг сэргээн засварласнаа Монголын талд хүлээлгэн өгснийг
үзэсгэлэнд дэлгэсэн байна. Төв аймгийн Ноён уул, Ховд аймгийн Булган,
Мөнххайрхан, Манхан сумын нутгаас илрүүлсэн эсгий ширдэг, торгон
нэхмэл, алт, мөнгөн чимэглэл, хоолны хэрэгсэл, үр тарианы сав зэрэг
ховор нандин үзмэрүүдийг энэ оныг дуустал үзэгчдийн хүртээл болгох юм
билээ.
Хүннү гүрний өв соёлыг илэрхийлсэн үзмэрүүдийн дунд торгон хуйнд
боосон хүний гэзэг байсан нь олны сонирхлыг татаж, үзэгчид “Хүний үс
ийм олон мянган жилийн настай байх нь” хэмээн ярилцаж байлаа. Түүнчлэн
ур хийц шингэсэн алт, мөнгөн ээмэг, зүүлт, Грекийн бурхдын дүрст
чимэглэл, бүсний арал, дуут сумны ясан булцуу, хүрэл тогоо ваар, сав
тэргүүтэн нь тухайн үеийн хүннүчүүд өндөр соёлтой төдийгүй гадаад
харилцаа сайтай байсныг илтгэнэ.
Нийтийн тооллын өмнөх 209 онд Модун Шанью Төв Азийн нүүдэлчин
аймгуудыг нэгтгэн нүүдэлчдийн анхны төрт улс Хүннү гүрнийг байгуулсан
түүхтэй. Тухайн үед Хүннү гүрэн Манжуурын талаас Тэнгэр уул, Цагаан
хэрмээс Байгаль нуур хүрсэн өргөн уудам нутагт оршин байсан ба их,
бага 36 улсыг нэгтгэн захирч байв.
No comments:
Post a Comment